Эфирийн тос гэхээр л олон хүмүүс үнэртүүлэгч гэж ойлгодог. Харин уг тосыг олон аргаар ашиглаж болдгийг тэр болгон мэддэггүй. Та бүхэндээ эфирийн тосыг хэрхэн хэрэглэж болох талаар сонирхолтой мэдээлэл бэлдлээ. Зарим нэг хэрэглээг та өөрийн болгоно гэдэгт итгэлтэй байна.
Лаванда (Тайвшруулагч)
Тайвшруулах, бясалгах, дотоод хүч чадлыг дээшлүүлэхэд илүү үр дүнтэй. Сандрал, сэтгэл гутралыг арилгана. Атаа жөтөө, түрэмгий ааш авирыг дарахад чухал нөлөөтэй. Эмнэлгийн практикт нөхөн төлжүүлэх, тогтворжуулах үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана. Эмэгтэйчүүдийн хэсэг газрын ариун цэвэрт чухал нөлөөтэй.
Гаа (Оюун ухааныг хөгжөөгч )
Адал явдлын эрэл хайгуулчинд тохирох үнэр гэж үздэг. Учир нь эр зоригийг бадрааж, оюун ухааныг хөгжөөж өгдөг. Дарамтнаас, айдас түгшүүрнээс салгаж, өөртөө итгэлтэй болоход тань туслана. Хүмүүстэй харилцан ойлголцоход тустай ба олон нийтийн өмнө гарахад өөртөө итгэлтэй байдлыг бий болгоно. Мөн ядаргаанаас үүдсэн зан аашийн өөрчлөлтийг эмчилнэ. Гааны тосыг эмэгтэйчүүдийн тос гэдэг ба залуу эрэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тархины цусан хангамж болон зүрх судасны эргэлтийг сайжруулах хамгийн үр дүнтэй тосны нэг юм.
Лимон (Бүтээмж нэмэгдүүлэгч)
Лимоны эфирийн тосыг зөн мэдрэмж, зүүдийг хариуцдаг учраас Сарны тос гэж нэрлэдэг байна. Байгаль цаг уурын, нийгмийн аливаа өөрчлөлтөд хурдан дасан зохицоход эерэг нөлөө үзүүлнэ. Мөн уран бүтээлийн амжилт үзүүлэхэд болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Эмчилгээний хүрээ маш өргөн. Толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зэрэгт эерэг нөлөөтэй төдийгүй цусны эргэлтийг сайжруулна. Цитрусын төрлийн бусад бүх эфирийн тосны адилаар лимоны тос нь таргалалт буюу өөхлөлт, целлюлитийг багасгах, түүнээс сэргийлэхэд тун чухал ач холбогдолтой.
Эвкалипт (Ханиаднаас сэргийлэгч)
Сэтгэл санааны цочирдол, гэнэтийн таагүй мэдээнд эмзэглэл, маш хүнд байдалд орох, түүнээс гарч чадахгүй байгаа тохиолдолд Эвкалиптын тос тус болно. Оюуны бүтээмжийг дээшлүүлэх, аливаа зүйлд төвлөрөхөд тустай. Эвкалиптын үнэр нь ядаргаа, нойрмоглохыг тэр даруй зогсооно. Хамгийн гол эмчилгээ нь ханиад болон ханиад төрлийн өвчнийг илааршуулахад оршино. Вирус, бактерийн эсрэг үйлчилгээ нь амьсгалын замын хүндрэл, ханиалга, мөн түүнчлэн халуурах зэргийг анагаана.
Цайны мод (Халдваргүйжүүлэгч)
Айдас хүйдэс, сэтгэл санааны төөрөгдөл, паник, солиорлын нөлөөллөөс ангид байлгана. Энэ үнэр нь бие даах сонирхолтой, дан ганцаар шийдвэр гаргах, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх сонирхол бүхий хүмүүст илүү тохирно. Антибиотек гарахаас өмнө хамгийн сайн халдваргүйжүүлэх бүтээгдэхүүний тоонд ордог байсан байна. Бактерийн, мөөгөнцрийн болон вирусын эсрэг өндөр үйлчилгээтэй. Хүүхдийн халдварт өвчин тэр тусмаа ханиаданд илүү өргөн дэлгэр хэрэглэнэ. Түлэгдэлт, яр шарх, арьсны элдэв төрлийн гэмтэлд анхан шатны тусламж маягаар ашиглана. Мөн эмэгтэйчүүдийн ариун цэвэрт болон цистит өвчнийг анагаахад тун ач холбогдолтой.